feature-top

Эмэгтэйчүүдийн гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөнд эрсдэх байдал

Эмэгтэйчүүдийн эрэгтэй хүмүүсийг бодвол ижил төрлийн аюулд өртөх байдал харилцан адилгүй байдаг. Учир нь тухайн улс орны соёл, зан үйлээс шалтгаалсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хязгаарласан хувцас өмсөх шаардлага, хүүхдүүд, настангууд зэрэг анхаарал халамж шаардлагатай өрхийн гишүүдийг асрах зэрэг нийгмийн үүрэг, хариуцлагууд нь тэдний аюулаас зайлан гарах байдалд нөлөөлдөг.

 

Түүнчлэн Монгол улсад жендэртэй холбоотой хэвшмэл ойлголтууд байдаг. Эдгээр нийгмийн хандлагатай холбоотой жендэрийн талаарх хэвшмэл ойлголтуудыг Монгол улсын засгийн газрын зүгээс хөгжилд саад учруулах бэрхшээлтэй асуудлуудын нэг хэмээн тодорхойлсон

Гэсэн хэдий ч энэхүү тэгш бус сөрөг үр дагавруудыг тусгай арга замыг ашиглан зөөлрүүлэх боломжтой. Тухайлбал: 1991 онд болсон Горки циклон салхинаас шалтгаалан тохиолдсон үерийн улмаас нас барагсдын хүйсийн харьцаа 14:1-ийн буюу 14 эмэгтэй 1 эрэгтэй гэсэн харьцаатай байсан. Үр дүнтэй арга хэмжээ авсны хүчинд 2007 онд болсон Сидр циклоны сөрөг үр дагавраас шалтгаалан амь насаа алдагсдын хүйсийн хоорондын харьцаа 5:1 болж буурсан байсан.

Монгол улсад маш олон төрлийн аюул тохиолддог ба 2010 онд хийгдсэн Хүн амын тооллогоор нийт хүн амын дундах эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50.5% байна гэсэн тооцоолол байдаг (Цэрэндорж, 2014). Тиймээс эмэгтэйчүүдийн, тэр дундаа эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн даван туулах чадварыг нэмэгдүүлэх нь чухал юм. Монгол улсад тохиолддог гамшигт эмэгтэйчүүдийн эмзэг байдал ба хэрхэн эдгээр эмзэг байдлыг бууруулж, гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх арга замуудыг тодорхойлох юм.

Эмэгтэйчүүдийн гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөнд өртөх эмзэг байдал

Аливаа нийгэм соёлын хувьд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоорондын харилцаа харилцан адилгүй байдаг. Энэ харилцаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухайн нийгмийн харилцаанд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын харилцан адилгүй байдлыг бий болгодог. Цаашилбал, энэ нь эдгээр үүрэг хариуцлагын харилцан адилгүй байдал нь нөөцийн хуваарилалт, эрх мэдэл, хяналт, газар, эд хөрөнгө өв залгамжлах эрх, шийдвэр гаргах эрх мэдэл (нутгийн болон бусад хурал, зөвлөлүүдэд сонгогдох, санал бодлоо илэрхийлэх, дэмжигдэх байдал), банкнаас зээл авах зэрэгт тэгш бус байдлыг бий болгодог.

Эдгээр ялгаатай болон тэгш бус байдлын нэгдмэл үр нөлөөнөөс болж эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд нь байгалийн аюулын эрсдэл, гамшгийн үр нөлөөлөлд өөр өөр байдлаар өртдөг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн юу хийж болох, болохгүй талаарх жендэрт суурилсан зан үйл,  хэвшмэл ойлголтууд байдаг ба энэ нь жендэрийн ялгаварлалт, тэгш бус байдал бий болох үндсэн шалтгаан болдог. Түүнчлэн зарим тохиолдолд маш хүнд үр дагавруудыг араасаа дагуулдаг.

Өнгөрсөн хугацаанд болсон байгалийн гамшгууд эмэгтэйчүүдэд учруулсан сөрөг дагавруудаас дурьдвал:

  • 2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамигаас болж амь насаа алдагсдын 70 хувь нь эмэгтэйчүүд байсан.
  • 2005 онд АНУ-ын Шинэ Орлеанд болсон Катрина хар салхинд тус бүс нутгийн хамгийн ядуу, нийгмээс орхигдсон бүлгийхэн болох Африк гаралтай Америк эмэгтэйчүүд хамгийн ихээр нэрвэгдсэн.
  • 2008 онд Мъянмарын Аяавадын Дельтад болсон Наргис циклоны улмаас гэрлээгүй эмэгтэйчүүдийн 87 хувь, харин гэрлэсэн эмэгтэйчүүд 100 хувь орлогын гол эх үүсвэрээ алдсан.
  • 1991 онд Бангладешид болсон циклоноос болж амь насаа алдсан 20-44 насны хүн амын бүлгийхний хувьд 1000 хүнд ногдох эмэгтэйчүүдийн нас баралтын хувь 71 байхад эрэгтэйчүүд 15 байсан.

Гамшигт эмэгтэйчүүдийн илүүтэй өртөх байдалд хийсэн судалгаа, ажиглалтуудаас дараах шалтгаануудыг харьцангуй нийтлэг хүчин зүйл хэмээн үзсэн байна. Үүнд:

  • Эмэгтэйчүүдийн өөрийгөө аврах хөдөлгөөнийг хязгаарлах соёл, зан заншилтай холбоотой хориг саадууд байдаг: Жишээлбэл, эмэгтэйчүүд эрэгтэй хүний зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарч болохгүй байх, эмэгтэйчүүдэд зориулсан тусгайлсан байр, хувцас солих газар байхгүй
  • Эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг хорьсон зан заншил, соёлтой холбоотой асуудлууд тухайлбал эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн зөвшөөрөлгүй гэрээ орхиж явж болохгүй байх, эмэгтэйчүүдэд зориулсан тусгайлсан хорогдох байр, хувцас солих өрөө байхгүйгээс эсвэл эвдэрснээс болж эмэгтэйчүүд гэрээсээ холдохыг хүсэхгүй байх
  • Сэлэх, модонд авирах зэрэг ур чадварыг эрэгтэйчүүдэд заадаг хэрнээ эмэгтэйчүүдэд заадаггүй
  • Эрэгтэйчүүдтэй харьцуулахад бие махбодийн хөгжил, хүч чадал сул байх, үүнээс гадна зарим улс орнуудад эмэгтэйчүүд архаг хоол тэжээлийн дутагдал, хүнсний хомсдолоос шалтгаалан хүч чадалгүй, сул дорой байх
  • Хэдийгээр ядуурал нь эмзэг байх гол хүчин зүйл байдаг хэдий ч хүйс буюу жендэрийн өөр байдал нь эмэгтэйчүүдийг ядуучууд дундаа илүү олон эрсдэлд өртөмхий болгох гол хүчин зүйл нь болдог. Тухайлбал ядуу эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийг бодвол өдрийн цагаар тохиолдох аюултай үзэгдлүүдэд илүү олноороо нэрвэгддэг. Учир нь тэд ихэвчлэн аюултай орчинд эсвэл гэртээ буюу гэр орчмоосоо холдож чаддагүй
  • Гамшгийн дараагаар үзүүлэх тусламжийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд төдийлөн хамрагдаж чаддаггүй. Үүнээс гадна тэд түр хорогдох байранд бие махбодийн болон бусад төрлийн мөлжлөгт өртдөг (IFRC, 2010).
  • Ихэнх улс оронд эмэгтэйчүүүд нь мал аж ахуйгаа эрхлэх ажлыг хийх үүрэгтэй байдаг бол эрэгтэйчүүд зах зээлээр явж худалдаа наймаа хийх, малын тэжээл худалдах авах, мал эмнэлгийн үйлчилгээ авах талаар ярилцах зэрэг бусад гадуур ажлуудыг хийдэг. Эндээс харахад эмэгтэйчүүдийн ажил өдөр тутмын, харин эрчүүдийн ажил илүү улирлын чанартай болох нь харагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн байдлаар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үүрч буй ажил үүргүүд, чадвар чадамжуудад нөлөөлж улмаар жендэрийн тэгш бус байдалд өөрчлөлт оруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох өөр төрлийн стресс, дарамтуудыг бий болгож байна (IFAD, 2009).
  • Эмэгтэйчүүд ихэвчлэн бага эд хөрөнгийг өмчилдөг. Тиймээс тэдний амьжиргаа нь илүүтэйгээр байгалийн баялаг, нөөцөнд тулгуурладаг. Дэлхийн банкны 103-141 оронд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд эдийн засгийн боломжоос хүртэх хууль эрх зүй нь хүрээнд олгогдох боломж, эрх ялгаатай байгааг тодорхойлон гаргасан ба энэ байдал нь тэднийг эдийн засгийн хувьд илүү ядуу, гамшигт илүү эмзэг, өртөмхий болгодог байна (UNDP, 2012).
  • Аливаа гамшгийн дараа эмэгтэйчүүдэд ажил хэр барагтай бол олддоггүй бөгөөд ажил олдсон ч тэдний авах цалин нь гамшгийн өмнөх үетэй харьцуулахад хамаагүй бага байдаг. Тухайлбал, Япон улсын Нийгата гэдэг газар 2004 онд болсон үерийн дараа хувийн компанид менежерийн ажил хийж байсан эмэгтэй хэдэн долоо хоногийн туршид ажилдаа буцаж орж чадалгүй байсны эцэст ажлаасаа халагдсан. Харин яг ижилхэн гамшгийн аюулд нэрвэгдсэн эрэгтэйчүүдийн хувьд ажилдаа хэд хоногийн турш очоогүй ч эмэгтэйчүүдийг бодвол илүү хурдан хугацаанд ажилдаа буцаж орж чадсан. Харин дээр дурьдсан эмэгтэйн хувьд ажилдаа буцаж орж чадалгүй нилээд удсаны улмаас аргагүй эрхэнд ажлаа орхисон. Нийгмийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийг ямар ч тохиолдолд гэр бүлээ халамжлах анхаарах ёстой гэж үздэг учраас эрэгтэйчүүд илүү сул чөлөөтэй байдаг ба эмэгтэйчүүдийг бодвол илүү хурдан хугацаанд ажилдаа буцаж орох боломжтой байдаг (ADBI, 2011).

Монгол эмэгтэйчүүдийн гамшигт өртөх эмзэг байдалд хийсэн үнэлгээ

Монгол улсад эмэгтэйчүүд гамшигт хэр эмзэг байгаа талаар хийсэн судалгаа, шинжилгээ хомс байдаг. Монгол улс дахь гамшигт өртөх эмзэг байдлын жендэртэй холбогдсон судалгаагаар дараах асуудлуудыг тодорхойлжээ:

  • Орон гэргүй болсон тохиолдолд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс хоёр дахин их зовж, бэрхшээлтэй тулгардаг байна.
  • Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй, ялангуяа залуу эрэгтэйчүүдтэй харьцуулахад гамшигт илүү ноцтойгоор, урт хугацааны туршид өртөж, нэрвэгддэг байна. Залуу эрэгтэйчүүд гамшгийн нөлөөлөлд маш богино хугацаанд өртдөг.
  • Эмэгтэйчүүдийн үүрэг роль болон ажлын дарамт, ачаалал мэдэгдэхуйц байдлаар ихэсдэг.
  • Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад шинэ хөрштэй болохтой илүү хүндрэлтэй байдалд ордог.
  • Гамшгийн үеийн хүндрэлтэй байдлуудын хувьд эмэгтэйчүүд гамшгийн дараа шинэ газар шилжин сууршсаныхаа дараа хөрш зэргэлдээ айлуудаа танихгүй байх, амьдарч байгаа газар нутгийнхаа байршлыг мэдэхгүй байх хүндрэлүүдтэй тулгардаг бол эрэгтэйчүүдийн хувьд энэ нь хүндрэлд тооцогддогүй.
  • Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас гамшгийн эрсдэлийг бууруулахад эрэгтэйчүүд илүү их үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг
  • Эмэгтэйчүүд галын аюулыг хамгийн аюултай хэмээн нэрлэсэн байдаг бол эрэгтэйчүүд хамгийн их аюултай үзэгдэлийг газар хөдлөлт хэмээн нэрлэсэн байдаг (GCSD, 2009).

Олон улсад эрсдэлийг бууруулах хөтөлбөрт жендэрийн асуудлыг хэрхэн авч үздэг вэ?

Эрсдэлийг бууруулах хөтөлбөрт жендэрийн асуудлыг тусгах талаар бодлого, стратегийн түвшнээс эхлээд үйл ажиллагаа, хэрэгжилтийн түвшин хүртэл авч хэрэгжүүлэх олон арга хэмжээнүүд байдаг. Анхаарвал зохих асуудлуудаас дурьдвал:

Нэгдсэн үндэсний байгууллага. Жендэрт мэдрэмжтэй гамшгийн эрсдэлийг бууруулах тухай тайланд гамшгийн эрсдэлийг буруулахад жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангасныг шалгах индикаторуудыг санал болгосон.

 

  • Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн удирдлага, нийгмийн харилцаанд оролцох оролцооны тэгш байдлыг дэмжих.
  • Эрт сэрэмжлүүлэг, сургалт боловсролыг эмэгтэйчүүдэд тэгш байдлаар хүргэх, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрхээ хамгаалах зэрэг чадварыг бий болгох мэдээллийг эмэгтэйчүүдэд тэгш хүртээмжтэй хүргэх
  • Хүйс болон насаар ангилсан мэдээллийг системтэй цуглуулж, үр ашигтай хэрэглэх, эмзэг байдал, эрсдэл хохирлын үнэлгээнд жендэрийн анализ хийх, нэгдсэн төлөвлөлтөнд эмэгтэйчүүдийн асуудлыг тусгах.
  • Хууль эрх зүйн орчин, байгууллагын үйл ажиллагаа, чадвар бэхжүүлэх, хяналт үнэлгээ хариуцлагын тогтолцоо, гамшгийн эрсдэлийн менежментийн төлөвлөлтийн циклүүдэд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангаж оролцуулах.
  • Гамшгийн менежменттэй холбогдолтойгоор нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг авах, нөхөн олговор, бэлэн мөнгөний шилжүүлэг, даатгал, зээл, ажил эрхлэлт зэрэг тхадламж үйлчилгээ авах хууль ёсны эрх, бодит бололцоог баталгаажуулах
  • Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэгдсэн “хэнд ч аюул, хохирол учруулахгүй байх” гэсэн зарчимтай уялдуулан гамшиг, гамшгийн эрсдэлийн бууруулах оролдлого хийх
  • Гамшгийн эрсдэлээс хамгаалах оролдлогуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг тусгахыг нэмэгдүүлэх
  • Үндэсний, бүсийн болон дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн байгууллага, хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрч, бэхжүүлэх
  • Орон нутгийн эмэгтэйчүүд, орон нутгийн болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн болон төрийн байгууллага, бусад оролцогч талуудын хамруулсан гамшгийн эрсдэлийг бууруулах хариуцлага, төлөвлөлт, хяналтын механизмыг байгуулах
  • Жендэрийн тэгш байдлыг хангах салбар дундын ажиллагааг гамшгийн эрсдэлийг бууруулахад уялдуулан чиглүүлэх (НҮБ) чухал хэмээн заасан байдаг байна.

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 14:28:32 Уншсан тоо:  120

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.