feature-top

Ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд ТХБ-ыг тусган хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардлага

Боловсрол соёл шинлэх ухааны яам

Дэлхийн улс орнууд хөгжлийн стратегиэ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд баримжаалан өөрчлөх болсноор хүний эрхийг хангах, нийгмийн шударга ёсыг хэвшүүлэх, амьдралын эрүүл орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ экологи, эдийн засаг, нийгмийн асуудлуудын холбоо хамаарал, ард иргэдийн оролцоонд тулгуурлаж байна. Монгол улсын Засгийн газраас 1997 онд батлан хэрэгжүүлсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” Үндэсний хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын чиг хандлагыг байгальтай зохицон амьдрах, байгаль орчноо хайрлан хамгаалж, сайжруулах, эрүүл аж төрөх үйлд суралцах, байгалийн нөөц баялагийг хариуцлагатай ашиглахад суралцах, байгалийн сайхныг үнэлэх, хүндэтгэх гэж тодорхойлон ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид сургалтын хувьсах агуулгын хүрээнд 1998 оноос экологийн хичээлийг судалж эхэлжээ.

Ерөнхий боловсролын сургалтын агуулгын стандартыг мэдэхийн төлөө, хийж бүтээхийн төлөө, оршин байхын төлөө, хамтдаа нийгэмшин амьдрахын төлөө суралцах цогц чадамжид суурилсан боловсролын стандарт болгон 2005 оноос мөрдөн, улмаар ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хичээл тус бүрийн хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгах зорилтыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.

Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагаас 2015 онд Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд боловсролын форумыг зохион байгуулж, 2030 он хүртэлх дэлхийн боловсролын алсын харааг “Нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзлэлтэй, хүн бүрт хүрсэн боловсролын хөтөлбөрийг боловсруулна.” хэмээн Инчеоны тунхаглалаар тодорхойлжээ. Инчеоны тунхаглалд бүх нийтийн боловсролын тогтвортой хөгжлийн зорилт, стратегийг сонирхогч түншүүдийн оролцоо хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Боловсролын салбарт 2012 оноос хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого баримталж, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээнд чанарын шинэчлэл хийснээр сургуулийн менежмент болон багш, суралцагчийн үйл ажиллагаа өөрчлөгдөн суралцагчдад хандлага, үнэт зүйлс, хэрэглээний чадварыг төлөвшүүлэхэд анхаарч буй нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцэж байна.

Цаашилбал, ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрт байгаль орчин, эдийн засаг, нийгэм соёлын уялдаа холбоог хангасан цогц байдлаар агуулгын болон арга зүйн шийдлийг хийх, суралцагчдад хандлага, үнэт зүйлс, хэрэглээний чадварыг төлөвшүүлэх, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд үзэл санаа төдийгүй чадамж хандлагыг өөрчлөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тогтвортой хөгжлийн боловсролыг улс орон бүр харилцан адилгүй тодорхойлсон байдаг. Манай улсын хувьд дараах байдлаар тодорхойлбол зохимжтой гэж үзлээ.

Монголын уламжлалт аж төрөх, аж ахуй эрхлэх ухаан, соёл, зан заншил, итгэл үнэмшилд тулгуурлан, олон улсын чиг хандлагыг баримжаалан байгаль орчин, экосистемийг унаган төрхөөр нь байлгах, зүй зохистой харилцах мэдлэг, чадвар, хандлага, нийгмийн үнэт зүйлс суралцагчдад төлөвшихийг тогтвортой хөгжлийн боловсрол гэж ойлгоно.

 

Файлаар үзэх

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-15 22:25:16 Уншсан тоо:  600

Таг:

Ангилал: Цэс-Ном, хэвлэмэл материалууд

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.