feature-top

Хөгжсөн багш-амжилтын түүчээ

Ц.Цэнгэлмаа

Дархан-Уул аймаг Дархан сум Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн сургалтын менежер

tsengel4770@gmail.com

 

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: ЕБС-ын сургалтын менежерүүд

Туршиж, хэрэгжүүлсэн байдал: Хяналт үнэлгээ, багшийн хөгжил

Арга туршлагын онцлог: Чанартай боловсролын эх нь сайн багш байх явдал гэж үздэг тул хичээлийн жилийн эхэнд I-V ангийн секцийн багш нараа багаар ажиллуулан сургалтын хөтөлбөрүүд, судлагдахуун бүрээр суралцагчдын эзэмших мэдлэг чадваруудын жагсаалтыг гаргуулан сургуулийн нэгдсэн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явагддаг ба багш бүр өөрийн заах арга, агуулгын залгамж холбооны нягтралыг судлан нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр, жишиг даалгавраа хийж хоорондоо солилцон өдөр тутам сургалтандаа ашигладаг болж хэвшсэн нь үр өгөөжөө өгсөн төдийгүй энэ хичээлийн жилээс эхлэн зэргэмж бүлгийн багш нар хамтран даалгаврын тавил болох блюпринт боловсруулах сургалтыг монгол хэлний судлагдахуунаар хийж, сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа нь харилцан туршлагаа хуваалцах, ялангуяа залуу багш нарт маш их дэмжлэг дөхөм болж байгаа билээ.

Арга, туршлагыг хэрэгжүүлэх зарим санаа:

Амжилтад хүрэх хамгийн тодорхой зам бол олон дахин давтсан оролдлого байдаг тул суралцагч нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын түвшин болох гарааны үнэлгээг анги удирдсан багш бүрээр хичээлийн жилийн эхний сард тогтоолгон хяналт үнэлгээний жилийн график гарган монгол хэл, математик, хүн ба байгаль судлагдахуун мөн унших, өөрийн үгээр ярих чадварын сэдвүүдийг сургалтын менежер сурах бичгийн агуулгын хүрээнд боловсруулан сургуулийн захирлаар баталгаажуулж, улирал бүр авч, ахиц амжилтыг сурагч, багш, анги, судлагдахуун бүрээр гарган ажилладаг нь суралцагч бүрийг хоцрогдолгүй сургах эх үндэс нь болдог. Мөн хяналт үнэлгээг хийсний дараа бүлгийн багш нараар сэдэв болон үнэлгээнд тохирц бичүүлж, дараагийн улирлын хяналт үнэлгээг хийхэд саналыг тусгаж хяналтын сэдвээ боловсруулахад зөвлөгөө болдог нь давуу талтай. Энэ нь багш, эцэг эх, суралцагч сургуулийн захиргааны эргэх холбоог сайжруулж, хамтын ажиллагааны үр дүнд хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг чадварыг сорих дахин үнэлэхэд ахисан үзүүлэлт гардаг давуу талтай.

Боловсрол бол өөртөө эзэн байх чадвар бүхий хувь хүн болж төлөвших үйл явц тул багш бүрийн ахиц амжилтын нэгтгэлийг улирал бүр гарган үр дүнг нь улирал, жилийн ажлын үнэлгээнд тооцон дэмжин урамшуулдаг.Өөрөөр хэлбэл урамшууллын хөшүүргийг цикл хэрбэрээр сурах- сургах үйлд хэрэгжүүлэх нь эерэг үр дүнг үзүүлдэг төдийгүй суралцагч нэг бүрийн өөртөө итгэх итгэлийг улам гүн бат төлөвшүүлж өгдөг онцлогтой юм.

            Мөн ажлын байран дээр багш бүрийн заах арга ур чадварыг сайжруулахын тулд судлагдахуунаар, зэргэмж бүлгээр, ажилласан жилээр, сонирхлын бүлгээр нь баг болгон үзүүлэх болон судалгаат хичээл заалгаж бусад багш нар нь суун хэлэлцүүлэг явуулж багш бүрийн хичээлийг хэрхэн сайжруулах талаар арга зүйн зөвлөгөө өгч харилцан бие биеэсээ суралцдаг төлөвлөгөөт ажил болж хэвшсэн. Хэлэлцүүлэг хийхдээ багшийг биш зөвхөн хичээлийг сайжруулах талаар шинэлэг санааг өгдгөөрөө онцлог ажил болдог. Тийм ч учраас хичээл заах багш хичээлээ сайн бэлддэг, багш бүр бусад багшийнхаа хичээлд нь идэвхтэй сууж “Хоёр од, нэг хүсэл”-ээр мэргэжлийн зөвлөгөө өгч багшийн арга зүйг тасралтгүй сайжруулж дэмжин урамшуулж, зөвлөн ололтой талыг олж харан цаашид хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөгөө зөвлөмжийг бие биедээ харамгүй өгдөг.

Арга туршлагыг хэрэгжүүлснээр гарсан үр дүн:

·         Суралцагч мэдлэгийг өөрөө бүтээдэг аргад суралцсан.

·         Тоглох явцад хөгжин төлөвшиж байна.

·         Хүүхдийг өөрийг нь өөртөө нь харьцуулах болсон.

·         Асуултаар үйл ажиллагааг болон хүүхдийн хөгжлийг дэмждэг болохыг багш бүр ойлгосон.

·         Багш ямар агуулгыг хэзээ, яаж заахаа шийддэг болсон.

·         Суралцагчийн түвшинд тулгуурлан сургалтаа явуулдаг боллоо.

·         Багшийн ажлыг тайлангаар нь биш суралцагчийн ахицаар нь тус тус үнэлдэг болсон.

·         Суралцагч бүр өөртөө итгэлтэй, хөгжих, ахиж дэвших, мэдлэгээ зузаатгах хамгийн гол түлхэх хүч нь болж багш төвтэй байсан сургалт шавь төвтэй болж өөрчлөгдсөн зэрэг олон эерэг өөрчлөлтүүд сургалтын явцад гарч, боловсрол тасралтгүй байх зарчмын хүрээнд багшийн үйл ажиллагаа, заах арга зүй сайжирч багш хөгжсөөр байна. “Хөгжсөн багшаас хөгжсөн хүүхэд” уриа бодитоор хэрэгжин хөрсөн дээр цэцэглэж буй нь багш нэг бүрийн уйгагүй зүтгэл, хөгжлийн үр дүн мөн.

 

 

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 17:39:47 Уншсан тоо:  173

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.