feature-top

Нийгмийн ухааны хичээлээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа нь

 

Н.Нарантуяа

Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн түүх нийгмийн ухааны багш

 

ihernaraltai@gmail.com

Багшийн ажлын үр дүн нь шавь нарын хөгжил, суралцах чадвараар тодорхойлогддог. Миний бие даасан анги болон хичээл заадаг суралцагчдаа аливаа асуудалд нухацтай ханддаг, бүтээлч хариуцлагатай дадал хэвшилтэй иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж чаддаг, хүн нийгэмшихүйн суурь үндэс болсон нийгмийн ухааны боловсролын үр шимээс шавь нартаа хүртээн ажиллаж чаддагтаа бахархалтай байдаг. Өөрийн заадаг нийгмийн ухааны суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг боловсруулахдаа суралцагчийн өмнөх төсөөлөл, алдааны шинжилгээ, хөгжил төлөвшил, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээг цогц байдлаар судлахаас гадна хэрэглэгдэхүүний сонголт, багшийн асуултын төлөвлөлтөд анхаарснаар хүүхэд нэг бүрт хүрэх, хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь болдог төдийгүй хүүхдийг эмх цэгцтэй, цагийг үр дүнтэй, бүтээлчээр ашигладаг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварт сургадаг. Анги, бүлэг, нэгж хичээлээр эзэмшсэн байх чадваруудыг илрүүлэх шалгуурын дагуу боловсруулсан даалгаврын сан бүрдүүлж, үргэлж баяжуулан хэрэглэдэг.

 Багш хүн мэргэжлийн өндөр мэдлэгтэй, хүүхдээ хүлээцтэй сонсдог, бодох, сэтгэх, ярилцах хугацааг олгодог, хамтран хөгжих үйлийн болон сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлж өгснөөр сургалт амжилттай хэрэгжих үндэс нь болдог гэж үздэг.

Арга зүйн онцлог:

   Нийгмийн ухааны хичээлийн сургалтын үйл ажиллагаанд хүүхэд нэг бүрийн оролцоог дэмжих замаар хөгжүүлэхийг чухалчилдаг. 2014 оноос хойш суралцагч бодит үйл ажиллагаанд оролцох явцдаа эрэл хайгуул хийх, асуудлыг олж харах, эргэцүүлэн бодох, дүгнэх, асуудлыг шийдвэрлэх арга барил, чадварт суралцан бүтээлчээр хамтран ажиллах замаар зөв амьдрах арга ухаанд суралцах чадвар, хандлага төлөвшүүлэх зорилгоор “Шинжлэн судлах арга”-ыг сургалтдаа түлхүү туршин хэрэглэж байна. Шинжлэн судлах арга нь ажиглах, эргэцүүлэн бодох, ангилах, таамаглах, үр дүнг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, үнэлэх зэрэг чадваруудыг хөгжүүлдэг. Хичээл бол багш сурагчдын хамтын бүтээл учраас түүнд хүүхдийн оролцоог хангах нь хамгийн чухал байдаг. Хүүхэд өөрөө оролцож хийж бүтээснээрээ идэвхжиж, тулгарсан саад бэрхшээлийг даван туулах аргад суралцаж, цаашид сурах арга барилаа олж байдаг.

Арга зүй, туршлагаа хэрэгжүүлсэн байдал, аргачлал :

       Сургалтдаа хэрэглэж хэвшсэн энэ арга зүйгээ түгээн дэлгэрүүлж 2015 онд “Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ” хичээлийн арга зүйгээр туршин www.teacher.itpt.mn сайн хичээлийн технилогийн сайтад байршуулсан. 2018 онд “Их Алтайн мэдээ “ сонинд Багшийн хөгжлийн гарц “ Хичээлийн судалгаа ярилцлагаараа сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн арга зүй, технологио түгээн дэлгэрүүлсэн. /2018 №24 / 280 /А.Нямбаяр/

“Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ “ сэдэвт хичээлээр туршсан нь:

Хичээлийн бэлтгэл судалгааг хийхдээ сурагчидтайгаа хамтран үйл ажиллагааны төлөвлөлт хийсэн. Үүнд:

Чадварууд

Туршилтын өмнө

Туршилтын дараа

Ахиц

Үзэл бодлоо илэрхийлэх

74%

83%

9%

Багаар ажиллах

65%

80%

15%

Мэдээлэл цуглуулах

56%

67%

11%

Мэдээлэл боловсруулж дүгнэлт хийх

60%

66%

6%

Судалгааны асуулга боловсруулах

59%

70%

11%

·         Сэдэв сонголт

·         Зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах

·         Мэдээлэл цуглуулах

·         Мэдээлэл боловсруулах

·         Нэгтгэн тайлагнах шат гэсэн байдлаар хийсэн.

Судалгааны загвар хандлага: Хичээлийн бэлтгэл судалгааны хүрээнд 10-р ангийн “Төрийн алба” нэгж хичээлийн “Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ“ ээлжит хичээлээр сурагчид өөрийн орон нутгийн төрийн үйлчилгээний 5 байгууллагууд дээр очиж тухайн байгууллагынхаа талаар мэдээлэл цуглуулан боловсруулж, үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авч өөрсдийн байр суурийг илэрхийлж мэдлэг бүтээлээ.

Хичээлийн үр дүн:

    Дээрх үйл ажиллагаа нь суралцагчийн хувьд их сонирхолтой, хөгжилтэй төдийгүй тодорхой дүрэм журамд баригдалгүй явагддаг учраас санаачилгатай оролцох боломжийг тэдэнд олгодгоороо давуу байлаа. Энэ явцад асуудал шийдвэрлэх, эргэцүүлэн тунгаан бодож шийдвэр гаргах, бие даан суралцах хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох гэх мэт суралцагчийн амьдрах чадварууд давуутай хөгжиж байна. Суралцагчид нийгмийн судалгааны энгийн аргуудыг хэрэглэж судалгаа хийж боловсруулах тодорхой арга барилтай болсон байлаа. Сурагчид энэ хичээлийн үр дүнд өөрийн орон нутгийн иргэдэд чиглэсэн төрийн байгууллагуудын үйлчилгээний чанарт өөрсдийн байр сууринаас ажиглалт судалгаа хийж, төрийн үйлчилгээнд хийгдэж буй зарим шинэчлэлүүдээс мэдлэг бүтээх үйлийг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Багшийн арга зүйд гарсан үр дүн:

    Ээлжит хичээлүүдийн хоорондын уялдаа холбоо сайжирч суралцагчдад үр өгөөжтэй явагдаж байсан. Хүүхэд бүрийн авьяас, чадвар, үйлдэл зэргийн ялгаатай байдлыг мэдэрч, суралцагсдын ахиц, өсөлт өөрчлөлтийг алхам алхмаар үнэлэх арга зүйд дэвшил гарч байлаа.

Эцэг эхчүүд, олон нийтийн хамтын ажиллагааны хувьд:

     Эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах үйл ажиллагаа, сургалтад сэтгэл хангалуун болсон. Сонгож очсон байгууллагуудын удирдлага, нийгмийн ажилтнууд хүүхдүүдийг таатай хүлээн авч тусалж тайлбарлаж байлаа. Эрэл хайгуул хийх, асуудлыг олж харах, шийдлийн гарцыг тодорхойлох, эргэцүүлэн бодох явцдаа ангийн найзууд, багш, байгууллагуудын нийгмийн ажилтан, орон нутгийн иргэд,эцэг эхтэйгээ хамтран асуудлыг шийдвэрлэж байлаа. Үйл ажиллагааны явцад эцэг эхчүүд өөрсдийн хүсэлтээр дэмжин тусалж байсан нь сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн төдийгүй сурагчдад сонирхолтой мөн зарим нэгэн чадваруудаа хамт олон, багш нар төдийгүй эцэг эхдээ харуулах боломжийг олгосон.

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 14:55:35 Уншсан тоо:  148

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.