feature-top

Хичээлийн агуулгаар урамшуулан үнэлэх үнэлгээ ба хялбаршуулсан үзүүлэн

Ц.Мягмар

Увс аймгийн IV сургуулийн түүх нийгмийн багш

ahlah4@edu.uv.gov.mn

Арга зүй, туршлагын онцлог:

 Урмаар тэтгэх, хүнээр хүн хийх бидний боловсрол нь “Хүн өмнөө тулгарах асуудлаа бүтээлч, идэвх санаачилгатайгаар шийдвэрлэх амьдрах арга ухаанаа олж, өөрт байгаа нөөц боломжоо дайчлан хөгжих боломж”-ийг хайх хэрэгцээ шаардлагын дагуу сурагчдын авьяас, сонирхол, чадварыг нээж, тэднийг дэмжих, урам өгөх, урамшуулах үнэлгээ бий болгосон бөгөөд хүүхэд бүрийг хичээлийн агуулгатай холбон үнэлэх явдал юм. Мөн өргөн агуулгыг багцалж, мэдлэгийг хялбар олгох хялбаршуулсан үзүүлэн хийж сургалтад хэрэглэн түгээн дэлгэрүүлж байна.

Арга зүй, туршлагын аргачлал:

1. Хичээлийн агуулгаар урамшуулан үнэлэх үнэлгээ. Үнэлгээ нь сурагчид хичээлийн агуулгаа хэр эзэмшсэнийг илэрхийлдэг боловч сурагчид сайн үнэлгээ авахын төлөө дүнгийн хойноос хөөцөлдөгч нэгэн болдог. Энэхүү байдлыг өөрчлөх, ийм бодлыг арилгахын тулд хичээлийн агуулгатай холбон үнэлэх аргыг сүүлийн 5 жил сургалтдаа хэрэглэж байна. Сурагчдад урам өгөх, хийсэн үйл ажиллагаа бүрийг шударга үнэлэх, сурагчдад тохирсон үнэлгээ нь тухайн хичээлийн агуулгатай холбон үнэлэх үнэлгээ юм. Түүх-нийгмийн хичээлийн өргөн агуулга, гол ухагдахууныг сурагчдад олгох, мэдлэгийг мартуулахгүй тогтоох зорилгоор тухайн хичээлийн агуулга, нэр томьёогоор холбон үнэлэх нь маш чухал. Ингэснээр хүүхэд бүр хичээлдээ сонирхолтой, сурах хүсэлтэй болж ирсэн. Тухайлбал: 6-р ангид “Эртний Хятад” сэдвийн үйл ажиллагаа бүртээ цагаан хэрмийн суурь, хана, цамхаг босгон үнэлгээ авч хичээлийн төгсгөлд ертөнцийн гайхамшгийн нэг цагаан хэрмийг барьж дуусгаснаар хичээлийн зорилго хангагдаж байдаг. 9-р ангид “1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг заахад хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн даалгавар бүртээ эрх чөлөө, эв нэгдэл, ялалт, тусгаар тогтнол” үнэлгээ өгч сурагчид тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрч өөрсдөө мэдлэгээ бүтээж, чадваржина. 11-р ангид “Гэр бүл, түүний үүрэг” сэдвийг заах явцдаа сурагчдыг итгэл-хүндэтгэл-халамж-хайраар үнэлэх нь нэг талаас хичээлд оролцуулах, идэвхжүүлэх хөшүүрэг болохоос гадна хариуцлага, байр суурийг төлөвшүүлэх арга барил явагдаж байдаг. Энэхүү үнэлгээ хичээлийн бүх үе шатанд эрчимтэй идэвхтэй хэрэглэгдэнэ. Мөн хичээлийн агуулгаас хамааран сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан үнэлж, мэдлэг чадварыг эзэмшихэд түлхэц болно. Жишээлбэл, дээрх үнэлгээг 6,7-р ангийн сурагчдыг хичээлд оролцуулах, сонирхлыг татах зорилгоор хэрэглэж байхад, 8,9-р ангийнханд агуулгаа эзэмших, төлөвшүүлэх хүмүүжүүлэх чиглэлтэй, 10-12 ангийнханд хариуцлагатай байх, бүтээлч байх, байр суурь үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагаанд сургахад нөлөөлж байдаг. Багш хичээлийн агуулгатай холбон үнэлэх үнэлгээ нь сурагчдад тухайн агуулгыг ойлгох, тогтоох, бататгахад чухал үүрэгтэй. Хичээлдээ агуулгаа мэдсэн сурагчдад ахиц дэвшил үргэлж ирнэ” гэдэг зарчмыг сурагчид баримталдаг. 

Туршлагыг хэрэгжүүлсэн байдал:

 

Сурагчдад дараах өөрчлөлт, үр дүн гарсан. Үүнд:

·         Сурагч бүрийг урамшуулсан, урам зориг өгсөн.

·         Ахиц ахицаар үнэлэгдэнэ.

·         Сурагчдын хийсэн даалгавар бүрийг үнэлэх боломжтой болсон.

·         Хичээлдээ дуртай, сонирхолтой болсон.

·         Хичээлийн агуулгаа сайн ойлгоход тусална.

·         Сурагчдын оролцоо сайжирсан.

·         Сурагчдын тухайн хичээлийн талаарх мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшин нэмэгдсэн

·         Сурагчдын өөртөө итгэх итгэлийг төрүүлсэн.

Хичээлийн агуулгатай холбон үнэлэх үнэлгээг ашиглах явцдаа тухайн агуулгыг хурдан хялбар ойлгох арга замуудыг эрж хайн арга зүйгээ дээшлүүлсэн. Энэ нь багшийг бүтээлч байдалд оруулж, арга зүйгээ шинэчлэн өөрчлөхөд тусалсан нууц бол хялбаршуулсан үзүүлэн хийж, сургалтанд хэрэглэсэн явдал юм.

            2. Хялбаршуулсан үзүүлэн: Тухайн агуулгыг ойлгомжтой тодорхойлолт, түлхүүр үг, зураг, схемээр үзүүлсэн сургалтын хэрэглэгдэхүүн юм. Сурагчийн амжилттай сурах зорилгоор бэлдсэн үзүүлэн бөгөөд дараах төрлөөр хийж болно. Түүх-нийгмийн ухааны тухайн агуулгыг цогц байдлаар гаргаж өгдгөөрөө онцлогтой. Үүнд: Бүлэг сэдвээр, нэгж сэдвээр, ээлжит хичээлээр, жишиг даалгавраар гэсэн төрлүүдтэй байж болно.

           Хялбаршуулсан үзүүлэн нь цаасаар болон цахим хэлбэртэй байх бөгөөд багш цаас болон цахим үзүүлэнгийн сан бүрдүүлсэн болно. Төрөлжүүлэн, каталогижуулсан жишээ:

Хялбаршуулсан үзүүлэн багш сурагчдад хэрхэн нөлөөлөв?

Мэргэжлийн багш нарт

Сурагчдад

·     Мэдлэгийг цэгцэлсэн, хялбар олгосон

·     Багш эрэл хайгуул хийнэ

·     Багшийг хөгжүүлнэ, арга зүй дээшилнэ.

·     Хичээлийн агуулгыг ойлгомжтой багтаасан

·     Сургалтын хэрэглэгдэхүүний чанар, хүртээмж дээшилсэн

·     Багшийг чадваржуулсан

·     Цаг хугацаа хэмнэсэн

·     Богино хугацаанд их агуулгыг олгоно

·     Компьтерийн мэдлэг дээшилсэн.

·     Хичээлийн агуулгыг ойлгоход дөхөм болсон

·     Түлхүүр үг оновчтой ашиглаж сурсан

·     Системтэй мэдлэг олгосон

·     Ойлгосон зүйлийг тэмдэглэж сурсан

·      Мэдлэгээ ашиглан өөрсдөө мэдлэгээ бүтээх болсон

·     Хичээлдээ сонирхолтой болсон

·     Товч, тодорхой ярьж сурсан.

Цахим мэдээлэл хөгжсөнөөр мэдээллийг хурдан авдагтай адил мэдлэгийг хурдан хялбар эзэмших боломж нь хялбаршуулсан үзүүлэн юм. Багш бид хялбаршуулсан үзүүлэнг ашигласнаар сурах бичгийн агуулгыг сурагч бүрт хүргэх, тэдний сурах сонирхлыг татах, мэдлэгийг өөрсдөө бүтээх боломжоор хангах боломжийг нээж өгч чадлаа. Хялбаршуулсан үзүүлэнг бэлтгэн сургалтад хэрэглэж буй багшийн давуу талууд:

·         Хичээлийн агуулгаа маш сайн судалж, сурах бичгээс гадна олон төрлийн ном, гарын авлага, эх сурвалж, эрдэмтдийн бүтээлийг уншиж байна.

·         Агуулгын гол ойлголтыг багцалж, боловсруулалт хийх чадвартай болсон.

·         Хэрэглэгдэхүүнийг хичээлийн аль хэсэгт хэрэглэхийг төсөөлснөөр сургалтын олон аргуудыг эзэмшиж байна.

·         Хүүхдийн анхаарлыг татаж, хичээлийг сонирхолтой болгосон.

·         Багаар хамтарч ажиллах, хэрэглэгдэхүүнээ хамтарч хийх чадвартай болсон

·         Сайн бэлтгэсэн хичээлийн хэрэглэгдэхүүн таныг сайн арга зүй рүү хөтлөх болно.

Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Эрдмийн үндэс гашуун ч эцсийн үр дүн нь урамтай” гэж хэлсэн байдаг. Энэхүү үгийн биелэл хялбаршуулсан үзүүлэнгийн нөлөө, хэрэглээ нь багш болон сурагчдад үр дүнтэй байгаад баярлаж байна.

Дүгнэлт:

Багш сурагчдыг зөв үнэлснээр сурагчид багшдаа итгэж, итгэлийг нь амжилтаар хариулах болно. Сурагчид хичээлийн агуулгаа хялбар дөт замаар ойлгож, түүнийгээ зөвөөр үнэлүүлж, урам авч, хичээлдээ сонирхолтой идэвхтэй оролцож, хичээлийг хялбар ойлгох үзүүлэнг ашигласнаар мэдлэг чадвартаа ахиц амжилт гаргах боломж бүрддэг. Мөн багш, сурагч хамтдаа чадваржиж, хөгжинө. Багш өөрөө ур чадвараар I-III байрыг тогтмол эзэлж, олимпиад, СХ-х илтгэлд амжилттай оролцож 5 алт, 10 мөнгө, 5 хүрэл медалийг хүртэж, шилдэг илтгэл, төрөлжсөн олимпиадаар улсад амжилттай оролцсон. Сурагчдын бие даах чадварыг хөгжүүлэн, тэднийг чадваржуулж бэлтгэсэн шавь нараас түүх, нийгмийн олимпиад, уралдаанд 9 алт, 11 мөнгө, 8 хүрэл, 3 удаа тусгай байрыг эзэлж, улсад 5 шавь амжилттай оролцоод байна.

 

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 14:46:52 Уншсан тоо:  137

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.