feature-top

Өөртөө итгэлтэй байх үйлийг төлөвшүүлэх арга

Д. Отгонсүрэн

Дундговь аймгийн “Хүмүүнлэг” сургуулийн 

монгол хэл, уран зохиолын багш

dashzevgeotgonsuren@gmail.com

Арга туршлагыг хэрэглэх хүрээ: 5-12 дугаар ангийн сурагчид, анхан шатны багш нар

Гол онцлог, шинэлэг тал:

Сурагчид, анхан шатны багш нарын өөрийн авьяас, хүсэл сонирхолд тулгуурлана. Сурагчдын хувьд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, мэргэжлийн чиг баримжаатай болох, эх хэлний олимпиад уралдаанд амжилттай оролцсоноос эх хэлний гайхамшгийг мэдрэх, хайрлах, хойч үедээ түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулах, эх хэлний чадвартай иргэн болон төлөвшихөд түлхэц болдог, өөрөө өөртөө итгэлтэй байж чадсанаар оюуны төдийгүй санхүүгийн хувьд гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийхэд чухал хөшүүрэг болдог. Анхан шатны багш нарын хувьд эх хэлээ шавь нартаа заах, сургах арга туршлагаа хуримтлуулах, олимпиад, уралдаанд амжилттай оролцох зэргээр өөртөө итгэлтэй байж, мэргэжлээрээ өсөж өндийхөд түлхэц болдог.

Туршиж хэрэгжүүлсэн байдал.

Алхам 1. Сурагчийн хүсэл сонирхол, авьяас чадварт тулгуурлан, шавь нараа сонгож авна. Сонгон шалгаруулалтыг хичээлийн шинэ жил эхэлсэн эхний 3 хоногт багтаж, \9 сарын 1- 3-ны өдрүүдэд\ зохион байгуулдаг. Хэрвээ өмнөх жилүүдэд ийм сонгон шалгаруулалт өгч, амжилт хийгээд зорилго нь тодорхой хөдөлмөрлөж байгаа шавь нар шалгалт өгөх шаардлагагүй. Ихэнхдээ 5-6-р ангийн, нэг бүлгээс гурваас доошгүй сурагчийг шалгаруулан авдаг. Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд тухайн сурагчийн ангийн багшаар дамжуулан, тэдний эцэг эх, асран хамгаалагчаас хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асууж баталгаажуулдаг.

Алхам 2. Долоо хоногт хичээлийн бус цагаар 2 –3 удаа, нэг удаад 2 – 3 цагаар эх хэл, бичгээрээ хөгжүүлж эхэлдэг. Өөртөө итгэлтэй болгохын тул баг, хамт олноороо үзүүлсэн амжилт, өмнөх шилдэг шавь нарын амжилтад хүрсэн туршлага зэргийг ярьж зоригжуулж, амжилттай сайн хөдөлмөрлөснөөр “Зорилгодоо хүрэх нь чухал” гэдэг бодлыг хүртэл ой тойнд нь шингээж суулгаж өгдөг хэдий ч шалгалт өгч тэнцсэн ялангуяа 5-6 дугаар ангийн эхлэн суралцагчид хурд удаантай, би ч амжилт юу л үзүүлэх бол? Гэсэн өөртөө үл итгэсэн, шантрамтгай байдал, айдас хүйдэс анзаарагдсаар байдаг. Харин эх хэлний олимпиад, уралдаанд оролцож, байр эзэлвээс хүүхэд урамшиж, “Би ингэж хөдөлмөрлөж болох юм байна” гэдэг урам зориг төрж, айдас хүйдэс нь бүдгэрч, арилж эхэлдэг.

Арга, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн

            Үр дүнг дараах яриагаар тодорхойлж байна. “...Байн, байн л толь эргүүлж харах эх бичихэд хүндрэлтэй санагддаг байсан. Хааяа давтлагаа тасална. Мөн их шантарсан шүү. Есдүгээр ангидаа ХИДС-ийн “Монгол бичиг-Бидний өмч” Улсын олимпиадад гутгаар байр эзэлж, бөөн баяр болсон юм. Яг шагнал авах мөчид надад “Бэрхшээлийн цаана бэлэг” байдаг гэдэг үнэн юм байна гэж бодогдсон. Мөн улам л хичээгээд баймаар зориг хүчийг энэ олимпиадаас авсан юм...” \Б.Цэндмаа “Шантрал шагнал болсон нь” эсээнээс\

 Өөртөө итгэлтэй болсон шавь нарын нэг ийн дурсамж байна. ...Өөртөө итгэлтэй байгаарай. Та нар чадна. Та нар доошоо харж явах учиргүй. Бэлтгэл сайн хийсэн учраас толгой дээгүүр явах хэрэгтэй” гэж хэлдэг. Олимпиад болгоны өмнө ингэж хэлдэг учраас нээрээ би чадна, сайн бэлтгэсэн юм чинь гэсэн итгэл эрхгүй төрдөг л дөө. \”Хүмүүн бичиг” сонины 2016 оны 03 дугаар сарын 4-ны өдрийн “Дугаарын зочин” буланд нийтлэгдсэн “Өөртөө итгэл төрүүлдэг байхыг багш минь сургасан” нэртэй ярилцлагаас\

            Өмнөө тавьсан зорилго тодорхой байх ёстой. Багш шавь нартаа биетээр үлгэрлэн хөдөлмөрлөж, амжилт үзүүлж, тэдний далд ухамсарт “Би чадна” гэдэг итгэлийг суулгадаг. Гайхамшигтай амжилтыг үзүүлж байсан шавь маань \М.Ганбагана\ зорилгоо балны гэр, дэвтрийнхээ нүүрийн дотор талын хавтсан дээр маш тодорхой бичдэг байсан. Хүүхэд чөлөөт цагаараа ихэнхдээ чихэвчээр өөрийн сонирхолтой дуугаа сонсож явдаг бол энэ бүтээлч шавь маань монгол бичгийн эргэлзээтэй бичлэгтэй үгийг галигаар нь дуудаж бичээд, түүнийгээ ялангуяа хол замд явахад сонсож явдаг байсан. Энэ арга үг нүдлэн тогтооход, цаашилбал, цаг ашиглахад үр дүнтэйг туршиж үзүүштэй.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, процесс:.

Юуны түрүүнд багш монгол бичгийн чадвартай, сурагч бүрийн бичсэн бүрийг толь ашиглалгүй засах, асуусанд хариулах чадвартай байх ёстой. Олимпиадын хийгээд хувилбарт сурах бичиг, эх задлалын ном зэргээс сэдэв ажиллах тооцооны хуудас гаргаж ажилладаг. 5-12-р анги буюу янз бүрийн түвшний сурагчид байдаг тул ганц шавьтай ажиллахаас өөр арга барил шаарддаг. Багш ачааллаа тэнцвэржүүлэхийн тулд ихэнхдээ анхан шат, 12-р ангийн сурагчийн даалгавраа шалгаад, ахлах ангийн сурагч дунд ангийн сурагчдаа, дунд ангийн сурагч бага ангийн сурагчдаа заан туслах, зөвлөн дэмжих замаар бие биедээ “багшлах” нь үр дүнтэй мөн, цаг хэмнэдэг. Онцлог нь 5-6-р ангийн сурагчаас бусад нь үндэсний бичгээр бичдэг, хөрвүүлж бичих маш сайн арга. “Сайн бичээч болох гэвэл нэг үсгийг түм бичиж, сая нэг бичээч болдог гэж хэлэлцдэг байсан” гэж Б.Ринчен гуай дурсан бичсэн нь бий. Монгол бичиг заах эхэн үед аль болох хөнгөн хэлбэрийн эх, өгүүлбэрийг сургалтдаа ашиглаж байгаад, нэлээд саад төвөггүй уншиж бичиж сурсан үед эх ба өгүүлбэрийн санаа тэрхүү хүүхдийн чадварыг дагаж, алхам алхмаар хүндэрч байх ёстой.

Сурагч ажилласан сэдвээ тооцуулахдаа 5-аас дээш алдаа гарваас “тооцуулах боломжгүй” болж, ахин үгээ нүдэлж бичдэг. Хэрвээ алдаа 5 хүртэл байваас алдсан үгээ “эвхмэл бичиг”-ээр бичиж заншсан. Энэ нь эвхмэл бичгийг сурах тусгайлан цаг орохгүй, давуу талтай байдаг.

Хичээлээ үндэсний бичгээр бичиж, хэрэглээ болговоос үр дүнтэй байдаг. Уралдаан, олимпиадад бэлдэж буй бүх сурагч монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлээ бичиж хэвшсэнээс гадна ангид самбарт бичиглэл хийх зэргээр нэг ёсондоо сурагч – багшийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бусдад үлгэр дуурайлалтай сайн ажил болдог. Монгол хэл, уран зохиолын хичээл төдийгүй бусад нийгмийн ухааны хичээлүүд, тэрчлэн биологийн хичээлээ үндэсний бичгээр бичиж, олон нэр томьёог бичиж суран, үгийн баялгаа нэмэгдүүлсэн туршлага байна. Бидний үндэсний бичгээ хэрэглээ болгож байгаа нь Монгол улсын ерөнхийлөгчийн 2018 оны 5 сарын 11-д гаргасан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай 46-р зарлигтай ч нийцэж байгаа юм.

Үгсийг бүлэглэн тогтоох сайн. Жишээлбэл: “д,р,с,л”-ээр төгссөн үйл язгуурыг 5 минутын хугацаанд оюуны довтолгоо буюу тархины шуурга аргаар бичүүлэх. Энэ нь үгийн язгуур нүдлэхэд их дөхөмтэй сайн болдог. Давтлага эхлэхийн өмнөх минутад үгийн язгуур бичүүлдэг.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 12:42:15 Уншсан тоо:  124

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.