feature-top

Сурагч нэг бүрийн манлайллыг бодитоор дүгнэх нь

Ё.Жигмэд

Нийслэлийн 50 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш

jigmed0322@gmail.com

Туршлагыг хэрэглэх хүрээ: Энэхүү туршлагыг ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдыг үнэлж дүгнэхэд ашиглана. Танд ангитай ажиллахад хүндрэл бэрхшээлтэй хэцүү байдаг бол энэхүү “Сурагч нэг бүрийн манлайллыг бодитоор дүгнэж анги хамт олныг төлөвшүүлдэг” тэргүүн туршлагыг хэрэглэхийг зөвлөж байна.

Туршлагын онцлог, шинэлэг тал: Анги удирдсан багшийн ажлын гол үзүүлэлт нь анги хамт олныг төлөвшүүлэх явдал байдаг. Туршлагын шинэлэг давуу тал нь багш бүр өөрийн ангийн ерөнхий онцлогтоо тохируулан бүтээлчээр авч хэрэгжүүлэн, сурлага хүмүүжил, сахилга бат төлөвшлөөрөө бүсдыгаа хошуучлан манлайлсан тэргүүний анги хамт олныг төлөвшүүлдэг хамгийн сайн арга юм. Миний төгсгөсөн ангийн үе үеийн сурагчдын удаа дараа сургуулийн тэргүүний, соёлч анги болж байсан нь энэ туршлагатай салшгүй холбоотой.

Туршиж хэрэгжүүлсэн байдал:

            Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2014 оны төгсөгчдийн 90 гаруй хувь нь их дээд сургуульд элсэн орсон, 2018 онд 9-р анги төгсөгчид 100% 10-р ангид дэвшин суралцаж байгаа зэрэг амжилтуудыг дурдаж болно.

Туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн: Та туршлагыг авч хэрэгжүүлсний үр дүнд сурагчдын сурлага, хүмүүжил төлөвшилд дараах ахиц өөрчлөлтүүд гарна. Үүнд:

       ·         Сурагчдын хичээл таслах, хоцрох явдал бүрэн зогсдог.

       ·         Дүрэмт хувцсаа байнга өмсөх хэвшил дадалтай болдог.

       ·         Биеэ авч явах байдал, харьцааны соёлд өөрчлөлт гардаг.

       ·         Багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх чадвартай болдог.

       ·         Сурлагын дүнд ахиц өөрчлөлтүүд гарах зэрэг олон асуудлууд бүрэн шийдвэрлэгддэг.

Туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, арга зүй:

            Юуны өмнө сурагч нэг бүрийн хүмүүжил төлөвшлийг өдөр бүр, долоо хоног, сар, улирал, жилээр нь тооцож байна гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй.

1.     Хичээлийн жилийн эхэнд ангийнхаа сурагчдыг гурван салаа эсвэл зургаан багт хуваана. Энд анхаарах зүйл нь баг/салаа/ бүрийн хүүхдийн тоо, хүйсийн харьцаа, хүмүүжлийн түвшин ойролцоо байх нь чухал

2.     Багш анхны ангийн хурлаар дүгнэх аргачлалаа маш сайн тайлбарлаж өгнө. Өөрөөр хэлбэл сурагч бүрт “хариуцлагын талон” олгоно гэсэн ойлголтыг өгөх хэрэгтэй.

3.     Хэн? Хэзээ? Хэрхэн? Яаж дүгнэх вэ? гэдэг аргачлалыг тайлбарлаж өгнө. Энэ хэсэгт ангийн багш, ангийн дарга идэвхтэн сурагчид эсвэл “ажлын хэсэг” байж болно. Долоо хоногийн уралдаанд бусдыгаа манлайлсан тэргүүний сурагчдыг урамшуулахаа мартаж болохгүй. Том хэмжээтэй биш ч урмын сайхан үгтэй батламж гардуулж байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийнхөө хийж байгаа ажлыг хамт олон, мэргэжлийн багш нар эцэг эхдээ сайн ойлгуулж хамтран ажиллах нь чухал шүү.

4.     Сурагчдыг ямар ямар үзүүлэлтээр хэрхэн яаж дүгнэх вэ? гэдэг аргаа тайлбарлаж өгнө. Үүнд:

·         Сурлага /Хичээлийн оролцоо, нэгж бүлэг сэдэв, хөндлөнгийн үнэлгээ, хичээлийн бэлтгэл, ном дэвтэртэй эсэх, гэрийн даалгавар хийсэн байдал/

·         Сахилга бат /Танхимын болон танхимын бус сургалтын үеийн сахилга хариуцлага, төлөвшил, харьцааны соёл/

·         Цаг ашиглалт /Хичээлээс хоцрох, таслах, хичээлээс гадуурх ажилд оролцох оролцоо, цаг хугацааг тооцож болох даалгаврын биелэлтүүд/

·         Үүрэг даалгаврын биелэлт /Багшийн өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэсэн байдал, цаг хугацаа заасан ажлуудын биелэлт/

·         Соёлжилт /Дүрэмт хувцсаа өмсөж хэвшсэн байдал, биеэ авч явах байдал/ зэргээр тодотгож өгөх хэрэгтэй. Эдгээр таван үзүүлэлт байхад л хангалттай.

5. Дүгнэх комисс /ажлын хэсэг/ долоо хоног бүрийн тав дахь өдөр дүгнээд, шинэ долоо хоногийн эхний өдөр сурагчдынхаа амжилт ололт, алдаа дутагдлыг нь хэлж өгч, юун дээр анхаарахыг нь сануулж байх нь чухал

Туршлагын талаар асууж тодруулбал yondonjamts jigmed facebook хаягаар холбогдоoрой.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 12:26:10 Уншсан тоо:  139

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.