feature-top

Дизайн технологийн бүтээн байгуулалт

Ж.Энхбаатар

Говь-Алтай аймгийн 3 дугаар сургуулийн технологийн багш

d_mainaa@yahoo.com

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчид

Гол онцлог, шинэлэг тал:

Сурагчдад эзэмшвэл зохих мэдлэгээ олж авахын тулд анги танхим дахь онолын мэдлэг олгох сургалтууд, зориулалтын кабинет, лабораторт хийгдэх туршилт дадлага ажлууд, заал танхимд явагдах бие бялдрын дасгал хөдөлгөөн зэрэг олон аргаар зохион байгуулах ёстой ч өнөөдрийн хувьд бид бүхэн эдийн засгийн хямрал, анги танхимын хүрэлцээ зэргээс шалтгаалан онолын хичээлүүдээ голлон явуулж байна. Багшаас тулгаж хийлгэдэг дадлага ажил бус сурагчид өөрийн хүсэл сонирхолд нийцсэн өөрсдийн гаргасан зураг төсвийн дагуу хийж байгаа нь сурагчдын оролцоог эрс нэмэгдүүлэх, мөн өөрсдийн мэдлэг, чадварын хэмжээнд оролцож байгаа нь онцлог юм.

Туршиж, хэрэгжүүлсэн байдал:

Сурагчдын хувьд шинжлэх ухааны үндэстэй онолын мэдлэг дээрээ тулгуурлан туршилт дадлага ажлаар мэдлэгээ бататган амьдрал ахуйдаа хэрэглэх нь илүү үр дүнтэй билээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд сургуулийнхаа 11, 12 дүгээр ангийн сурагчидтай хамтран Дизайн технологийн хичээлээр сургалтын явцад технологийн  кабинетийг байгуулсан.

Туршлагыг хэрэгжүүлэх аргачлал:

·         Сургалтын таатай орчин бүрдүүлэх, бүтээн байгуулалтаар сурагчдын эзэмшиж байгаа чадварууд:

·         Сурагчид өөрийн хүсэл сонирхолд нийцсэн, мөн хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахуйц зураг төсөл санал гаргаж сурах.

·         Гаргасан санал төслийн зурагийг нэгтгэн нэгдсэн нэг зураг төсөв, материалын тооцоо гаргах.

·         Сурагчдын тохижуулахаар гаргасан зургийн дагуу сургалтын төлөвлөгөөгөө сургуулийн онцлого, хийж бүтээх зүйлийнхээ онцлогт тохируулан хийх

·         Сурагчид өөрийн гаргасан ажлын дараалал төлөвлөгөөний дагуу ажлуудаа зохион байгуулах.

·         Ажлын гүйцэтгэлээ хянах

·         Үнэлэх

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн:

·         Нэг зорилгын дор нэгдэн хамтран ажиллаж, амжилтад хүрэх хэрэгцээг сэтгэл зүрхээрээ мэдрэх

·         Бүтээлч байдал дээшилж урам орох, хамтын хүчийг ойлгох, хувийн идэвх чармайлт дээшлэх, Дизайн технологийн хичээлд сонирхолтой болох

·         Бие биеэ сайтар танин мэдэх, итгэлцэл бий болох, санаа бодлоо чөлөөтэй уралдуулах, асуудлыг олон өнцгөөс харах, дүгнэлт хийж сурах

·         Багийн гишүүд тасралтгүй суралцан хамтын шийдвэр гаргах, алдаа оноогоо олох, цаашид улам хөгжих боломж ихэсдэг

·         Багийн гишүүдийн бие биеэ орлох чадвар өсөх, өөрийн чадахгүй зүйлээ үеийн найз болон багшаасаа суралцах

·         Багийн гишүүддээ анхаарал халамж тавих, туслах, зөвлөх, зөв шийдвэр гаргах

·         Сурагчид эзэмшвэл зохих мэдлэгээ хангалттай эзэмшихээс гадна 6-10 дугаар ангид үзсэн Дизайн технологи, боловсруулах технологи, хэрэглээ бизнесийн чиглэлийн мэдлэгээ сэргээн санах хэрэглэх, нэмж мэдлэг эзэмшиж байна.

·         Оролцсон бүх сурагчид сэтгэл ханамж 100% байсан бөгөөд дахиж сурах бүтээх их хүсэл зорилготой болсон.

·         Дизайн технологийн хичээлээр интерьер дизайны бүлэг сэдвээс мэдлэгийг эзэмшиж бодит байдал дээр танилцаж дадлага хичээлийн системээр сургалт, бүтээн байгуулалтыг хийж болохыг харуулж байгаа нь онол давалгайлсан сургалтаас хэд дахин илүү үр өгөөжтэй хүүхэд бүрт хүрсэн сургалт бүтээн байгуулалт болсон.

·         Дизайн технологийн багш нар бид сурагчдад олговол зохих стандарт мэдлэгийн хүрээнд бүлэг сэдэв бүрээр онол дадлага хосолсон сургалт бүтээн байгуулалт хийх бүрэн боломж байгааг манай 3 жилийн сургалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажлууд харуулж байна.

·         Бид сүүлийн 3 жилийн хугацаанд эрэгтэй дизайн технологийн МИНИЙ КАБИНЕТ, эмэгтэй дизайн технологийн МИНИЙ КАБИНЕТ, дүрслэх урлагийн УРЛАН, БИДНИЙ УРЛАГИЙН ЗААЛ-г сурагчидтай хамтран сургалт бүтээн байгуулалтаар хийсэн бөгөөд одоо энэ хичээлийн жилд ОНОС-ын хүрээнд \олон нийтийн оролцоотой сургууль\ сурагчид маань МИНИЙ СУРГУУЛЬ сургалт бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

Дизайн технологийн хичээл орж байгаа 11-12 дугаар ангийн сурагчдыг зураг төслийн баг, бүтээн байгуулах баг, хяналтын баг гэх мэтээр хуваан сургалт бүтээн байгуулалтын ажлыг үдээс хойш байхаар төлөвлөлтөө хийж гүйцэтгэн ажиллах бөгөөд багш зөвхөн зөвлөх туслах үүргийг гүйцэтгэнэ. Сурагчид зураг төсвөөс бүтээн байгуулалт, гүйцэтгэл хяналтын ажлуудыг өөрсдөө хийж, бодит мэдээлэл, аливааг хийж гүйцэтгэх чадвараа өөрөө олж байгаа нь энэ сургалт бүтээн байгуулалтын онцлог юм. 

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл:

Ахлах ангийн сурагчдын дизайн технологийн хичээлийг сургуулийн захиргаатайгаа тохиролцон үдээс хойш оруулахаар төлөвлөн сурагчдыг ажлын хувцас, бээлий, багаж хэрэгслээр ханган, мэргэжлийн багш нартайгаа хамтран даган дуурайлгах, бие даалгах, сурагчдын өөрсдийн санаа бодлыг тусган гүйцэтгэсэн.

Арга зүй туршлагыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл:

Сурагчдын сургалт бүтээн байгуулалтад ажилласны сул тал:

·         Багийн нэг гишүүний идэвхгүй байдал нь бусдадаа нөлөөлж, барьцах, ажил цалгардах, үүнээс болж зорилгоо биелүүлж чадахгүйд хүрэх.

·         Багийн идэвхтэй хэсэгт бусад нь найдаж идэвхгүй гишүүн бий болох зэргийг анхаарах шаардлагатай.

Мөн Говь-Алтай аймгийн ЕБС-ийн сурагчдын авьяас билгийг нээн илрүүлэх, цаашид хөгжүүлэх улс бүсийн уралдаан тэмцээнд амжилттай оролцуулах зорилгоор Говь-Алтай аймгийн нийт Дизайн технологийн багш нарт хүүхдээр авто, усан загвар, нисэх загвар хийлгэх анхан шатны сургалтыг зохион байгуулснаар хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх тэмцээн уралдаанд оролцох сурагчдын тоо өсөж чанар сайжирч байна. Зөвхөн өөрийн сургуулийн сурагчдаас гадна аймгийн төвийн ЕБС-ийн сурагчдыг хөгжүүлэх зорилт тавин Алтайн жигүүр клубыг байгуулан ажиллаж, сургалт дугуйлан хичээллүүлэхээс гадна улсын төрөлжсөн олимпиадад Говь-Алтай аймгийн сурагчдыг амжилттай оролцуулах зорилгоор аймгийн төвийн ЕБС-ууд болон сумын ЕБС-тай хамтран ажиллаж олимпиадын оролцох төрлүүдээр туслан сургалт явуулж байна.

Сурагчдын сонирхлыг ихээр татдаг загварын төрлөөр хичээллүүлснээр:

·         Сурагчдын сэтгэн бодох чадвар хөгжих

·         Физик математик, хими зэрэг инженерчлэлийн чиглэлийн хичээлд сонирхолтой болох

·         Аливаа зүйлийг хийхдээ тооцоолол сайн хийдэг болох

·         Бүтээх чадвар илүү хөгжих зэрэг давуу талуудтай байдаг.

 

Мөн аливаа зүйлийг сурагчдаар бүтээлгэж ЯАГААД гэсэн асуултыг сурагчдаас олон гаргах тусам сурагчдын танин мэдэх, сурах эрмэлзэл нэмэгдэж байдаг бөгөөд яагаад гэдэг асуултын хариуг сурагчид хэзээ ч мартдаггүйг багш бид санаж явах нь зүйтэй.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 12:19:36 Уншсан тоо:  194

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.